2009/08/24

Компьютерийн зохион байгуулалт ба ассемблер хичээл дээр бичсэн эсээ.


Компьютерийн үүсэл, хөгжил.
 

Уншиж судалсан материалаас авч үзэхэд компьютерийн үүслийг МЭӨ2200 онд зохиогдсон нэмэх хасах үйлдэл хийдэг механик тооцоолох төхөөрөмж Abacus гэдэг зүйлээс эхлээд нуршиж өгч болох юм шиг байна. Дараа нь суут математикч Блез Паскалын механик тооны машин гээд л. Эсээ бичих сэдэв маань өөрөө компьютерийн тухай. Гэхдээ ихэнх багш нар оюутнуудаас эсээг нь авч дүгнэхдээ өгсөн сэдвээсээ илүүтэй оюутны ямар бодолтой явдаг тухай дүгнэлт хийхийг зорьдог байх гэж би боддог юм. Тиймдээ ч би сэдвээсээ бага гэлтгүй хазайх байх. Тэр бүгдийг өршөөнө байх гэж найдъя даа. Угаасаа ихэнх нь л компьютерийн үүсэл хөгжлийн талаар баримт материал цуглуулж компьютер төдөн онд үүссэн, ингэсэн тэгсэн гээд л бичих байх.
Харин миний хувьд гэвэл компьютерийн үүсэл гэдэг нярай хүүхэд мэндлэхтэй л адил зүйл. Тэр дэлхий ертөнцийн хувьд цоо шинэ байх болно. Хэсэг хугацааны дараа хүүхэд хөлд ороод мөлхөж эхэлдэг шиг компьютерийн шинжлэх ухаан ч урт, удаан хөгжлийн бартаатай замаар мөлхөж эхэлсэн юм. Хүүхэд ой хүрээд хэлд ордогтой адил компьютер ч хөгжлийнхөө хоёр дахь үед ороход эгээ л хэлд орсон хүүхэд мэт дэвшсэн байв. Он жил урсан өнгөрч, нас нэмэх дараа дараагийн төрсөн өдөртэй золгох бүртээ хэрэгцээт шинэ үгсийг суралцаж үгийн баялгаа нэмэгдүүлсэн бөгөөд ярих ярианы чадвар нь төдий хэмжээгээр сайжирч өөр бусад шинэ зүйлсийг бүтээн боловсруулах хүчин чадал нь ихэсчээ.
Компьютерийн хөгжил гэдэг бол угтаа хүний хөгжил юм. Учир нь хүн компьютерийг бүтээж, мөн хөгжүүлсээр байгаа болохоор. Оюутан их сургууль төгсөхдөө топ программист, эсвэл шилдэг менежер болоод гарч болох юм. Эцсийн эцэст сайн инженер болно уу, сайн эдийн засагч болно уу ? гэдэг нь хамгийн чухал биш юм. Юу хамгийн чухал вэ ? гэвэл дөрвөн жил суралцаад төгсөхдөө оюутны толгой доторх бодлууд, дотоод ертөнцийнх нь гадаад ертөнцийг “харах өнцөг” өөрчлөгдсөн байх л юм. Яг ийм байвал үнэн сайн байна даа. Оюутан их сургуулиас мэргэжлийн диплом аваад гарахдаа “хүн” болох ёстой юм. “Бакалавр намайг хүн болгосон” хэмээн Сайнбаяр гэж залуу хэлж байсан нь надад олон юм ойлгуулж өгсөн юм. Дээрхтэй адил компьютер ч гэсэн хөгжлийнхөө замаар явсаар одоогийн жинхэнэ “компьютер” болж чадсан юм. Компьютер байна гэдэг монитор, процессор гээд оролт, гаралт,холболтын болон бусад төхөөрөмжүүд цогцоороо байхыг хэлнэ. “Хүн” байна гэдэг бусдын улыг шагайдаггүй, зэрэгцэж яваа нэгнийгээ доороос нь чангааж элдэв янзаар шахаж шантаажилдаггүй, бие биеийнхээ төлөө хамтдаа хөгждөг тийм жинхэнэ “хүн” байхыг хэлнэ. Нийгмийн бохир өрсөлдөөнд хүмүүс бие биеийнхээ сул талыг ил гарган дэлгэж тавиад байр суурийг нь булаадаг бол компьютерийн зах зээлийн өрсөлдөөнд үйлдвэрлэгчид бие биеийнхээ дээш гарсан дэвшлийнх нь нууцыг хулгайлж аваад илүү хүчирхэг бүтээгдэхүүн, компьютерийн дагалдах зүйлсийг бүтээж өрсөлддөг. Тод жишээ гэвэл Apple, Microsoft, Intel, Netscape, Corel гээд зөндөө байна. Бүгд л бие биеэсээ суралцсан тэгээд хөгжсөн. Компьютер болон түүнтэй холбогдох аливаа өрсөлдөөнүүдэд тэд бие биеийнхээ хар “пи-ар”-ыг хийж биш харин гагцхүү Эмерсон хэмээх нэгэн ухаантны хэлдгээр <<Надтай тааралдсан хүн бүр надаас ямар нэгэн зүйлээрээ давуу байдаг. Би ямагт түүнийг нь суралцахыг хичээдэг байв>> гэсэн ухаалаг томъёоллоор өрсөлдөнө. Энэ зарчмаар хэн ч, юу ч бай улам бүр төгөлдөрждөг билээ.
Өнгөрөгч онд надад заримдаа хүмүүсийн дунд байгаа эсэхдээ эргэлзэх үе төрж байсан юм. Зуухан жил амьдрахын хооронд зарим нэг <<хүмүүс / ? / >> ямар аминчхан байна аа. “Linux” программыг зохион бүтээгч Linus Torvalds-ийн <<Амьдрал бол ердөө л цагийг сайхан өнгөрүүлэхэд оршиж байдаг>> хэмээх энгийн үзэл шиг энэ ахархан хугацаанд бид биенээ аль чадахаараа хайрлаж амьдрах хэрэгтэй биш гэж үү ??? Тиймдээ ч тэрээр Linux үйлдлийн системээ GPL /GNU General Public License/ буюу үнэгүй лицензээр эх кодыг тавихаар шийдсэн нь өөртөө ч, мөн бусдад ч тустай хамгийн зөв шийдэл байсан юм. Хэн ч “сайн сайхан”-ы тухай ярьж чадна. Харин хүн болгон “сайн сайхан”-ы замаар явж чадахгүй. Өндөр үзүүлэлттэй компьютер сайн бүтээгдэхүүн байна. Хүн ч гэсэн үүнтэй эквивалент. Түүний хэрэглээ өндөр, зах зээлд борлогдох чадвар сайн байна. Яагаад гэвэл тэр жинхэнэ “хүн” учраас. Бурхан хүнд сайхан боломж, хангалттай хувь заяа хайрладаг. Харин амьдрал нь ямар байхыг гагцхүү хүн өөрөө л зохицуулна. Учир юу гэвэл хүний амьдралын зам хэр зэрэг бартаатай байх эсэх нь хүний хувь төөргийн тун багахан хэсгээс, харин ихэнх нь амьдралын аливаа асуудлуудыг шийдвэрлэхэд өгөх “хариулт”, аливаа проблемуудаас үүсэх реакцаас хамаарна. Ямар хариулт өгнө тийм үр дүн хүлээж буй. Асуудалгүй амьдрал гэж үгүй, амьдралаас гадуур проблем гэж үгүй. Компьютерийн хөгжил ч бас дагалдах асуудлуудыг зохицуулсан амжилттай оролдлогуудаас дэвшин дээшилсээр өдийг хүрчээ. Компьютер болгонд эвдрэл, зохицуулах ёстой асуудлууд гарч ирдэг. Энэ чинь байдгаараа л байна гэсэн үг шүү дээ. Бүх юм байдгаараа л байхад өөртөө шинээр нэмж проблем бодож олдог “сонин” хүмүүс бас байх юм. “Хэхэ”. Энд үүнээс өөр тайлбар надад олдохгүй юм. Яг үүнтэй адил компьютерийн “вирус” ч бас зохиогджээ. “Вирус”-ыг хар амиа хоохойлогчдын нэг хэсэг болох зөвхөн өөрөө л амьдрахдаа бусдын амьдралыг сүйтгэж “кайф авах” сонирхолтой нууцлаг “хар малгайтан”-ууд зохион бүтээжээ. Түүний эсрэг цагаан малгайтнууд проблемыг шийдвэрлэх шинэ кодыг үргэлжлүүлэн бичсээр байх болно. Компьютерийн явсан зам, туулж өнгөрүүлсэн үйл явдал нь арван жилийн хойно <<өнөөдөр бид арав гаран жилийн өмнөх Windows 95-ийг дурсдагтай ижил>> энгийн нэгэн амны зугаа болж байх болно. Тэр үед өнгөрсөн түүхийг судлаж түүн дээр тулгуурлаж шинээр зохион бүтээгдсэн шинэ шинэ бөөснүүдийг устгаж шийдвэрлэх, алдааг засах асуудлууд ундарсаар байна. Тэр үед “цагаан малгайтан”-уудын зохион бүтээсэн “Norton Antivirus 2019” идэвхтэй хамгаалагч, шилдэг бүтээгдэхүүн байх болно.
Ер нь хүнийг хамгийн түгээмэл үйлдлийн системтэй дүйцүүллээ гэж үзэхэд Windows XP суухдаа 12 цоорхойтой байдаг шиг хүн ч бас update хийх хэрэгтэй төдий чинээ цоорхой, сул талтай төрнө. Амьдралын туршид хатуужиж цаашдаа даван туулах чадвар нэмэгдэж хөгжих болно. Ингээд Windows XP latest update is succesfully completed. Хожим нь Vista мэндлэнэ. Хүн насанд хүрч нийгэмд тодорхой байр эзлэх тэр үед урьдыг бодвол илүү төгөлдөржсөн, мөн хуучин драйверуудыг өөртөө нэмж дахин инсталдах огтын хэрэггүй учир нь тэдгээр нь өөрт нь аль хэдийн суучихсан, ерөөсөө аливаа өмнөх өөрчлөлтүүдийг хийх шаардлагагүй, шаардлага байлаа гэхэд тэр нь тун бага байх болно. Гэхдээ мэдээж хэрэг шинэ цаг үе, шинэ орчиндоо дөнгөж мэндэлсэн Windows Vista байх болохоор түүнд гарах алдаа зөндөө бий. Тэр өөрийгөө дахин дахин сайжруулсаар байх болно... Амьдрал үргэлжилсээр ... Компьютер ч хөгжсөөр ...

No comments:

Post a Comment