2009/08/24

Зуны дунд цагаан морин сарын лусын буулттай 14-ний өдөрт зориулав.

Сайн байна уу 20 нас минь. Өнөөдөр би чамтай анх удаагаа мэндчиллээ. 1-ээр эхэлсэн арван хэдэн нас минь ард хоцорч 2-оор эхэлсэн 20 нас чамтай золголоо. Бас баяртай арван хэдэн нас минь. Өнөөдрийн цаг хугацааны индэр дээрээс өнгөрсөн 20 жилийг эргэн харахад << Би юуг хийж бүтээв ? Юуг ойлгож ухаарав ? Юуг суралцаж мэдэв ? Юуны тулд амьдарч байсан юм бэ ? >> гэсэн асуултуудын хариуг би өөрөөсөө хайж оллоо. Өнгөрсөн 20 жилд би бусдыг өөрийнхөө төлөө амьдруулж цагийг баржээ. Өнгөрсөн 20 жилд би бусдад “өгөх”-өөсөө илүүтэй “авч” амьдарчээ. Өнгөрсөн 20 жилд би миний төлөө амьдардаг намайг хайрладаг тэр хүмүүсийн хүчээр явснаа ухаарч, түүнээс өөрийн үнэт зүйлсээ олж харжээ. Бүгд өөрийн хүн болж төрсөн үүрэг хариуцлагаа ухамсарлан биелүүлэх ёстой. Би ч гэсэн. Миний бие өөрийн үнэт зүйлсийнхээ төлөө амьдарч түүнийхээ төлөө зүтгэх болно. Урьд нь бусдаас “авч” амьдарсан бол харин үүнээс хойш би “авах”-аас гадна бас “өгч” амьдрах болно. Илүү ихийг бусдаас “авч” түүнээс ч ихийг бусдад “өгч” амьдрахад суралцана. Аль чадахаараа илүү олон хүнийг хайрлаж, илүү олон хүнд туслаж, илүү их үүрэг хариуцлага үүрч, түүнийг дааж явахын төлөө хичээх болно. Өнөөдрөөс залуу насны минь хийж бүтээх хамгийн өрнүүн үеүд эхэлж байна. Одоо хийж бүтээх ... гаруй жил үлдлээ. Амжуулах л болно. 2040 онд би хэн болсон байх вэ ? гэдгийг 30 жилийн дараа харъя. Надад хүсэл мөрөөдөл, зорилго байна. Гэрэл гэгээтэй ариун хүсэл мөрөөдлийг минь бурхан адислаг ! Зорилгоо биелүүлж үнэт зүйлсийнхээ төлөө амьдралын сайн сайхан бүхнийг бүтээх зам минь дардан байх болтугай !

No comments:

Post a Comment