2009/06/20

Ээждээ бичсэн мянган захидал буюу хайрын илэрхийлэл.


“Ээждээ бичсэн мянган захидал” номыг амилуулсан мянга мянган үрсийн зүрх сэтгэлийн үгс нь хүн бүрийн амнаас гарах ёстой үг, үгүүлбэрүүд бөлгөө. Таны ээждээ хэлье гээд хэлж чаддаггүй, сонсгоё гээд сонсгож чадаагүй, бичье гээд бичиж чаддаггүй гэхдээ зүрх сэтгэлийн чинь мухарт үргэлж хадаатай байдаг тэр шидэт үгсийг уг номонд оруулжээ. Нэг номонд мянган хүүхэд зүрх сэтгэлээ нэгтгэн хамтдаа бүтээсэн тохиолдол дэлхийн түүхэнд үгүй биз ээ.

Бурхны шашны сайныг тэтгэгч, саарыг хороогч нэгэн сударт “Ээж хүн Бурхан багшаас илүү ачтай” гэсэн утга бүхий мөрүүд байдаг нь амьдралын үндсийг таригч ээж амьд бурхан таны бүтээсэн буян, хураасан хишгийн тань мөнхийн бөгөөд үнэний үргэлжлэл үрийн үр болох бидний үйл хэрэг ачийг тань хариулж эс чадахын нэгэн хэмжүүр биш үү. Бурхан болж төгс гэгээрсэн их багш Шагжамүни эхийнхээ ачийг түүнд туйлын үнэн бурхны сургаал болох дээдийн номыг номлож хариулсантай утга төгсөөр 999 зүрх сэтгэлийн ачлал, хайр энэрэхүйг багтаасан энэхүү номонд мянга дахь захидлаа өөрийн гараар мутарлан эжийдээ өргөн барьснаар нэг удаа бус мянган удаа эхийнхээ ачийг хариулсантай тэнцэх буюу.
Эхийгээ хайрлана гэдэг нь хайрлуулахын нэр биш. Мөн эх хүн үрээ хайрлана гэдэг хайрлахаас гадна түүний хайрыг хүлээж авахыг хэлэх учиртай. Хүн хүнээ хайрлана гэдэг тэр дундаа үр нь эхийгээ хайрлана гэдэг хайрын эрхэмсэг оршихуйн гэгээн хийгээд төгөлдөр илэрхийлэл ажгуу. Энд хайрын илэрхийлэл гэж нэгэн зүйл гарч ирж буй. Хайраа илэрхийлнэ гэхээр тэврээд, үнсээд, хацраа өгөөд үнсүүлэхийг хэлэхгүй ээ. Та түүнийг хайрлаж л байгаа юм бол түүний төлөө юу хийсэн юм бэ? гэдэг асуултаар хайрын илэрхийллийн утга учир хариултаа нэхэн шаардсаар байна. Тэгвэл та яг одоо ижийнхээ төлөө энэхүү сэтгэлийн дээдээр тэжээгдэн бүтсэн ном номын дээдийг авч хайрынхаа илэрхийлэл болгоход яагаад болохгүй гэж...
Хүн ээжийгээ бага зовоож, их баярлуулж явбал нэг насны буян тэр биз ээ.
Сэтгэл шингэсэн бүхэн үнэ цэнэтэй. Ээжийнхээ хайр амтагдсан халуун шөлийг амсаж хайрын гайхамшигийг мэдрэх бүрдээ хорвоод ирсэн үйлийн үрдээ бишрэлтэйгээр талархаж ээжийнхээ ачлалд сөхөрдөг.
Таны сэтгэлийн үг хамгаас эрхэм... Ижийдээ хайраа илэрхийлээрэй...

1 comment:

  1. МАШ ИХ БАЯРЛАЛАА. Ээжийгээ яаж баярлуулах вэ? гэж байнга бодож явсан юм. Хэд хоноод үхэх цэцэг, идээд дуусах чихэрний оронд ЭНЭ 1000 захианд өөрийнхөө захиаг нэмээд бэлэглэхэд үнэхээр гайхалтай бэлэг болох юм байна.

    ReplyDelete