2009/11/24

11-р сарын 26-ны өдөрт зориулсан эх орны тухай эргэцүүлэл.


 Эх орны тусгаар тогтнолын өдөрт зориулав.

 Эх орон. Энэ бол бидний алхам тутамдаа гишгэх газар шороо, амьдралыг мэдрэх болгондоо амьсгалах агаар, цангаагаа тайлах бүрдээ амтлах ус, өдөр бүхэн харилцах яруу баясгалант эх хэл, өвөг дээдсээс уламжилж ирсэн түүх, соёл зан заншил, түүнчлэн үүнийг уншиж буй хүн та өөрөө эх орныхоо нэг хэсэг. Энэ бол ерөнхий ойлголт. Нийгэм улс төрийн байгуулал, хууль цааз, газар нутаг, хил хязгаар, хөгжил цэцэглэлт гээд олон зүйлс эх оронд хамаарна. Дэндүү уянгын халилтай байна уу ? Та юу гэж бодож байна ? Би үүнийг наймдугаар ангид байхдаа бичиж байсан юм. Гэтэл эх орон гэдэг тэр үед миний бодож байсан хүүхэд сэтгэлгээний романтик дүрслэл биш харин миний бодож байснаас тэс өөр нэг талаасаа дэндүү хөгийн, инээдэмтэй юм шиг хэрнээ үнэн бас үнэтэй зүйл байсан ажгуу.
Эх орон гэдэг бодитой оршин байдаг хэрнээ хийсвэр, дотроо хөндий хоосон мөртлөө бас дүүрэн, <<Яг тэрийг эх орон гэнэ>> гэж хэлж болох обьект биш боловч гарцаагүй байдаг ухагдахуун юм. <<Яг үүнийг эх орон гэнэ>> гээд хэлж болдоггүй юм байж. Тэгвэл эх орон хаанаас эхлэх вэ ? гэж асуулт бий. Хүмүүс <<Эх орон надаас, өөрөөс минь эхлэнэ>> хэмээн хариулдаг. Яг үнэндээ бол эх орон үнэт зүйлээс эхэлдэг. Хувь хүний үнэт зүйлээ тодорхойлохыг үнэлэмж гэдэг шүү дээ. Магадгүй тухайн хувь хүн өөрийнхөө үнэлэмжээр өөрийгөө хамгийн үнэ цэнэтэй гэж тодорхойлоод <<Өөрөөс минь эх орон эхлэнэ>> гэж хариулсан байж болох юм. Уг нь аливаа хүнд өөрөөсөө ч илүү хайрлаж харамладаг зүйл байх л ёстой доо. Түүний нэг нь түгээмэл нэгэн үнэт зүйл болох “гэр бүл” юм. Муу хүн гэж үгүй. Яагаад гэвэл хүн болгон эцэг эхээ, гэр бүлээ, үр хүүхдээ, ойр дотныхоо хүмүүсээ, өөр бусдыг, бүр хэн нэгнийг заавал хайрлаж амьдардаг. Хайрлаж байна гэдэг хүн байх, хүнлэг байхын эхлэл. Бас үндэс нь, мөн төгсгөл нь юм. Хайрлана гэхээр зөвхөн дотоод зүрх сэтгэлдээ хайрлахыг хэлэхгүй. Хайрын илэрхийлэл гэж нэг юм бий. Хайраа илэрхийлнэ гэхээрээ тэврээд, үнсээд, хацраа өгөөд үнсүүлэхээрээ хайрлаж буйгаа илэрхийлж байна гэсэн үг биш. Түүнийг хайрлаж л байгаа юм бол тэр хүний төлөө юу хийсэн юм бэ ? гэдэг энэ асуултын цаад санаа бол хайрын илэрхийллийн жинхэнэ мөн чанар юм. Тэгэхээр “хүн болгон хэн нэгний төлөө амьдардаг.” Дээрх өгүүлбэр “хайрлана гэдэг хариуцлага” гэдгийг хэлээд байна. “Хэрэв чи хэнд ч хэрэг болдоггүй бол Чи хэнд ч хэрэггүй амьтан гэсэн үг. Олон хүнд хэрэгтэй байх тусам хүн өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг хүн нэг хүний л үнэ цэнэтэй. Гэр бүлийнхээ төлөө амьдардаг бол 3-10 хүний үнэ цэнэтэй. Харин бусдын төлөө, улс орон хүн төрөлхтний төлөө амьдардаг хүн …” гэж хаанахын хэн нь үл мэдэгдэх Хурметбек гэгчийн “Үл бичигдмэлүүд” гэсэн номонд өгүүлжээ. Нэг л амьдрах энэ насандаа бид бусдыг аль чадахаараа хайрлаж амьдрах ёстой.


Амьдрал гэдэг <<Би юуны төлөө явж, юуг хайрлаж амьдрана вэ ?>> гэдгээр хэмжигдэнэ. Харин хайрлана гэдэг “хийж бүтээхийн нэр”. <<Би чамд итгэдэг шүү>> гэж хэлсэн бол үүнийг хэлсэн хүний өмнө сонссон хүн нь хариуцлага хүлээх хэрэгтэй болдог. Үүнтэй адилаар бид аль болохоор олон хүний өмнө хариуцлага хүлээж, аль чадахаараа олон хүний төлөө амьдрах аваас “хүн байх”-ын нэр тэр бөлгөө. Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Жон Кеннедигийн хэлсэн <<Эх орон надад юу хийсэн юм бэ ? гэж асуух биш, харин би эх орныхоо төлөө юу хийсэн юм бэ ? гэж асуух хэрэгтэй>> хэмээх  алдартай өгүүлбэрийн үг, түүний эгшиг авиа бүр бидний чихэнд хоногшсон билээ.
Эх орон хүнд бүхнийг өгдөг. Гэр бүл, цөхрөл ганцаардал, найз нөхөд, атаатан дайсан, аз жаргал, зовлон зүдгүүр, амжилт ололт, алдаа оноо, гавьяа шагнал, ял шийтгэл, хайр дурлал, хагацал гутрал, нэр хүнд, жигшил зэвүүцэл, эрх мэдэл, дарлал боолчлол, эрх чөлөө, хорио цааз, мэдлэг боловсрол, ёсгүй бүдүүлэг, эд баялаг, тарчиг хоосон, эв нэгдэл, өс хонзон, инээд баясал, уйтгар гуниг, хүмүүнлэг ёс, харгислал хэрцгийлэл, хайр бахдал, хорсол атаархал,  хүндлэл талархал, атаа жөтөө, ялах зориг, ялагдах айдас, тэвчээр хатуужил, нугарсан “сэтгэлийн хат”, хүн чанар, хүн муутай буюу ялагдлын мөн чанар-хагарсан “хүний мөс”, хамгийн үнэ цэнэтэй зүйлсийн нэг болох цаг хугацаа буюу өнгөрөх маргаашийн дурсамжийг, биелэх ирээдүйн түүхийг, энэ өгүүлбэрийг уншиж буй өнөөдрийн яг энэ мөчийг тодруулбал одоог өгч байдаг.
Бид бүгдийн хайрлаж, хүндэтгэж, бас харамлаж, хамгаалж явдаг бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй гэсэн бүхэн маань “эх орон” гэсэн энэ хоёрхон үгэнд л нэгдсэн байдаг юм. “Эцэг эхээ хайрлах нь бүхий л сайн сайхны үндэс” хэмээн эртний Ромын сэтгэгч, уран илтгэгч Цицерон хэлсэн байдаг билээ. Энэ утгаараа хүнд аминаасаа ч илүү хайрладаг хамгаас үнэ цэнэтэй амьдралын тулгуур болсон “гэр бүл” гэж түгээмэл нэгэн үнэт зүйл бий. Тэр дундаа хэзээд миний талд, үргэлж миний төлөө байдаг ээж гэж нэгэн сахиусан тэнгэр намайг ивээж буй. Тэгвэл би “миний хувьд хамгийн үнэ цэнэтэй” ээжийгээ хайрлаж байгаа маань эх орноо хайрлаж байгаа хэрэг юм байна. Миний хайрладаг бүхнийхээ төлөө хийсэн бүхэн маань эх орныхоо төлөө хийсэн зүйл болж буй юм байна гэж ухаарлаа. <<Хаана ганцаардал, цөхрөл байна. Тэнд ухаарал төрдөг>> гэсэн үг бий. Энэ ухаарал нь “Монгол орон” гэх холбоо үгний эхний “Монгол” гэсэн үгийн оронд “эх” гэсэн үгийг шигтгэж өгсөн нь эх орон гэдэг бол бидний төрсөн газар бөгөөд бурхны бидэнд өөрийн мутраараа зааж өгсөн амьдрах орчин, энэ насандаа бидний хайрлаж явах бүхнийг багтаасан үнэт зүйлсийн нэгдмэл тогтолцоо гэсэн оюун дүгнэлтэд хүргэх бөлгөө. 

No comments:

Post a Comment