2009/06/20

Ээждээ бичсэн мянган захидал буюу хайрын илэрхийлэл.


“Ээждээ бичсэн мянган захидал” номыг амилуулсан мянга мянган үрсийн зүрх сэтгэлийн үгс нь хүн бүрийн амнаас гарах ёстой үг, үгүүлбэрүүд бөлгөө. Таны ээждээ хэлье гээд хэлж чаддаггүй, сонсгоё гээд сонсгож чадаагүй, бичье гээд бичиж чаддаггүй гэхдээ зүрх сэтгэлийн чинь мухарт үргэлж хадаатай байдаг тэр шидэт үгсийг уг номонд оруулжээ. Нэг номонд мянган хүүхэд зүрх сэтгэлээ нэгтгэн хамтдаа бүтээсэн тохиолдол дэлхийн түүхэнд үгүй биз ээ.

Бурхан байдаг нь лавтай !


Та хэзээ нэгэн цагт бурхан байдаг эсэх талаар бодоод эргэлзэж байсан уу ? Би тэгвэл таны асуултанд хариулаад өгье. Бурхан байдаг нь лавтай ! гэж хариулах байна. Яаж мэдэж байгаа юм бэ ? гэж үү ? Мэдмээр байгаа юм бол цааш үргэлжлүүлэн унш л даа.
Хүн төрөлхтөн эрт дээр үеэс эхлэн орчлонгийн элдэв сонинг таниж мэдэлгүй амьдарсаар байхдаа ухаж ойлгоогүй зүйлсээ бурхан луу чихсээр иржээ. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр бурханд нялзаагдсан зүйлс нэг нэгээрээ цөөрсөөр. Гэсэн ч нээлт хийхийн хэрээр нээгдээгүй судлагдаагүй үлдсэн зүйлс улам л нэмэгдсээр. Нэмэгдэх тусам бурхантай холбогдсон зүйлс бас л ихэссээр. Шинжлэх ухааны хариулж чадаагүй зарим зүйлсд шашин хэдий нь хариулт өгчихсөн байх. Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам “Сүнс байдаггүй гэдгийг нотловол би өөрийн шашнаасаа татгалзая” хэмээсэн. Сүнс байдаг талаар үе үеийн физикчид судалж үзсэн ба няцаалтаас илүү сүнсний оршин байдгийг хүлээн зөвшөөрөх нь үр дүнтэй гэдгийг тогтоосноор барахгүй бүр зарим нэг нь “Сүнс байдаггүй гэж үзсэнээрээ бид шинжлэх ухаанд том алдаа хийжээ” гэж өгүүлсэнээс харагдана. Тэгэхээр “Бурхан байдаг нь лавтай !”.
“Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлэв” хэмээн Монголын Нууц Товчоо эхэлдэг. Уг өгүүлбэрийг нарийн бодож үзвэл их сонин бодол төрлөө. Хачирхалтай нэг зүйл нь чоно буга хоёр яаж хамтдаа, бүр эвлэрчихсэн энд хүрч ирсэн юм бол гэдэгт байгаа юм. Тэр ч байтугай чоно буга хоёрын дундаас чоно буганы эрлийз биш харин хүн төрсөн нь бүр ч гайхалтай. Нууц товчоо бол түүхэн зохиол гэдгээс үндэслэн хүн бол мич, лемуро-атлант зэргээс үүсээгүй, харин чоно буга хоёрын дундах саармаг амьтан гэсэн таамаглал гарч ирж байна. “Монголын Нууц Товчоо”-г анх худам монгол бичгээр туурвисан бөгөөд үүнд өгүүлэхдээ Бөртэчино гэдгийг Бөртэ чину-а буюу монгол бичгээр чоно гэдэг үгийг бичдэгээр бичсэн нь монгол хүнийг чононоос үүсэлтэй гэсэн сэдлийг улам ч төрүүлж байна. Үүнтэй адил Энэтхэгт Брахмапутра гэдэг голын эрэг хавиар нутагладаг хүмүүс өөрсдийгөө могойноос үүсэлтэй гэж үзэн тогшуурт могойг дээдлэж, үнээг ариун амьтан хэмээн үнсдэг байна. Хэдийгээр үнээг үнсэх зэрэг нь арай дэмийрч байгаа гэлтэй боловч Дэмбэрэл багшийн гаргасан IQ-гийн тестийг 40-өөс дээш оноотой бөглөсөн жирийн потенциалтай хүн үүнийг цэвэр бэлгэдлийн шинж чанартай гэдгийг ойлгох нь мэдээж. Гэсэн ч иймэрхүү шүтлэгийн чанартай зүйлс өдгөө хүртэл оршсоор. Одоо хүртэл оршсоор байгаа нь бурхан өөрөө оршин байгаагийн нотолгоо биш гэж үү. Тэр ч байтугай бурхан бидэнд өөрийгөө оршин байдгийг мэдүүлж таниулах гэж олон олон амжилттай оролдлогуудыг хийсэн биш үү. Нэмж хэлэхэд Бөртэ-чину гэдэг нь бор чоно бус <<Бүр-дээд-чин>> буюу хамгийн дээд тэнгэр гэсэн тоймлол нэр аж. Иймээс ч хиад боржигин овогтнуудын дунд өөрсдийгөө цагаан яст, тэнгэр язгуурт гэсэн суртал байдаг байсан. Бурхан Будда номлохдоо “Энэрэнгүй нинжин сэтгэл өөрөөс чинь төрдөг тул Бурханыг бусдаас бүү хай Өөрөөсөө хай” гэж байснаас үзэхэд хүмүүс бид бурханы хүүхдүүд биш гэж үү дээ. Тиймээс ч хар арьстнуудын түүхэн дэх сод нэгэн хүмүүн алдарт тэмцэгч, шилдэг лектор Мартин Лютер Кинг << Хэн нь хар, эсвэл цагаан арьст, хэн нь жүдийн, протестант, католик шашинтан байх нь ялгаагүй гагцхүү бид бүгдээрээ бурхны үр сад >> гэсэн үгтэй өгүүлбэрээр суут зуун илтгэлүүдийн дотроос ямагт оройд нь манлайлдаг өөрийн илтгэлээ төгсгөж байсан биз ээ. 200 мянган хүний өмнө илтгэж, цааш цаашдаа олон сая америк хүний сэтгэлийн тулганд эрх чөлөөний галыг бадраасан уг илтгэл дэндүү амжилттай болсоны нэгэн шалтгаан нь хүмүүсийн эрх чөлөөт нийгмийг хүсэн хүлээж байсан тэр л хүсэл тэмүүллээс гадна хүний сэтгэлийн мухарт үргэлж уналгүй хадаатай байдаг бурхан гэдэг энэ шидэт үгийг хэрэглэсэнтэй холбоотой болов уу гэж тунгаана. Энэ нь ч дээрх өгүүлбэр “Бүхнийг чадагч бурхан минь таньдаа баярлалаа” гэсэн үгээр төгссөнөөс харагдах болно. Бурхан гэдэг энэ үг яг ямар утгатай билээ. Уг үгийн утгыг бур, бургас модон залам зэрэг шидлэг шүтээний нэр гэсэн байна. Их гэгээнтэн Нагаржунайн өөрийн садан болох тухайн үеийн нэгэн орны хаанд илгээсэн захидалыг ном болгон хэвлүүлсэн “Хаанд илгээсэн захидал” хэмээх номонд бурхан гэдэг үгийг тайлбарлахдаа “Одоогийн хэрэглэж байгаа “бурхан” гэдэг үг нь Будда \Buddha\ гэсэн үг бөгөөд Энэтхэг хэлэнд хоёр давхар “д” үсгийг “р” үсгээр дууддаг тул энэ нь монголд орж ирээд сунжирснаар “бурхан” болсон гэжээ. Нэн сонирхолтой нэг зүйл нь Бурхан Будда нэгэнтээ миний шашныг дөрвөн зууны дараа Нага нэрт гэлэн дэлгэрүүлэх болно гэж лүндэгнэсэн нь хожимоо биелсэнд байгаа юм. Тэр ч байтугай Чингис хааныг догшин сахиусын хувилгаан гэж хүртэл лүндэгнэсэн байдаг тухай сонсож байсан юм байна. Энэ нь бурхан байдаг гэдгийг нэг талаас баталж өгч байна. Энэ ердөө л ганц баталгаа. Үүнээс гадна зөндөө бий.
Москва хотын уран зургийн Третяковский галлерейд би орж үзэж байсан юм. Тэнд нэг давхарт нь XIV зууны үеийн Христосын зураг байдаг. Тэр зургийг Монголчууд Москвагийн ойролцоох нэгэн жижиг хот руу дайрахаар давшиж явсаныг мэдээд тэдний эгц өөдөөс нь харуулсанд тэд дайралгүй эргэн буцсан талаар үнэн бодит баримт бий. Тэртээ XIV зуунд загалмайтнуудыг ганц ч шар толгой үлдээлгүй аянга мэт ниргэж байснаараа дэлхийн байлдах урлагийн түүхнээ хэзээ ч мартагдахгүй ул мөрөө үлдээсэн нь Бат хаан болон түүний цэрэг жанжид. Тэр үед хамгийн аймшигтай зүйл юу вэ ? гэж асуувал “татаар” гэж хариулах нь түгээмэл байв. Тэгвэл тэрнээс илүү аймшигтай зүйл юу вэ ? гэж асуувал “хоёр татаар” гэж хариулдаг байсан болов уу. Тэд замдаа тааралдсан болгоныг үгүй хийн талхалсаар европын гүн рүү орж бүр давраад Франц руу, мөнөөх эзлэгддэггүй алдарт Италийн хэрмийг ч буулган авах сонирхолтой байсан байж болох юм. Гэхдээ л бурхан байдаг гэдгээ харуулж 1241 онд Өгөөдэй хаан нас барснаар их цэрэг нутгийн зүг буцжээ. Нөгөөтэйгүүр Бат хаан “хаан ширээ”-ний төлөөх тэмцлийг үл хайхран цааш үргэлжлүүлж дайн хийж болох байсан хэдий боловч шавар хэрэмнээс өөр авах юмгүй, эд баялаг гээд ч сүртэй гавихгүй европыг “Юм үзсэн хүн шиг” загнаж орхисон ч байж болох. Ямартаа ч европ Христосын аврал гэж хэлж болох шалтгаанаар аврагдсан.
Дэлхийн хамгийн их баялгийг үзээд түүндээ согтсон хүн гэвэл Хүлэгү хаан биз. Багдадын таван зууны турш дайн үзэлгүй цуглуулсан эрдэнэсийг үзээд түүний нүд нь орой дээрээ биш бүр хойноо гараа байлгүй. Тэгэхдээ бурхан түүнийг цааш давруулсангүй. Арменийн нэгэн түүхчийн : <<Багдад тэргүүлэн оройлж байх үедээ олон амьтны цус сорсныхоо төлөө, бузар нүгэл үйлдсэнийхээ төлөө, шулмын үйлийг үргэлжлүүлж байсныхаа төлөө залхаан цээрлүүлтэд орлоо>> гэж баяртайгаар дурсан бичсэн шиг лалын ертөнц европын загалмайтнуудыг үеийн үед дарамталж ирснийхээ төлөөс болох шангаа хүртсэн юм байж. Харин цаана нь мөрөөрөө бусдад төвөг бололгүй өөрийнхөө хөнжилд хөлөө жийдэг Египетийн Мамлюк байлаа. Өөрийгөө тэнгэрийн гэсгээлч гэж бодсон залуу Египет рүү дайралтаа хийлээ. 1258 онд Баян жанжнаар удирдуулсан цэргийн хүчтэй цохилт ! Гэвч бурхан үргэлж шударга ёсны талд ! Гоё ч цохилоо, гоё ч хаалаа. Египетийн сор жанжин Мамлюк Хэтэ Буха, Баян жанжин нарын цэрэгтэй эцсээ хүртэл тулалдсаар, энэ үед монгол цэрэгт туслах ёстой байсан загалмайтнууд урваснаас мөн Алтан ордны Бэрх хааны мохоо ухаанаас болж монголчууд хэдий хүчтэй байсан ч ялагдал хүлээж цаашдын довтолгоон эцэс болсон. Бас өөр нэг хамгийн голлох хүчин зүйл нь 1259 онд Мөнх хаан нас барсан явдал яах аргагүй мөн. Ингээд Хүлэгү хаан нутгийн зүг эглээ. Гэхдээ энэ болох ёстой зүйл болдгоороо болсон юм шиг санагдах юм. Энд бас л лалынхныг Аллах тэнгэр нь аварсан бололтой.
Үүнтэй адил явдал бас Японд ч тохиолдож л байсан. Юан гүрнийг үндэслэгч Хубилай хаан ёст хаан Аригбөхөөс цэргийн хүчээр түрий барин хаан ширээг булааж авсан. Мэдээж тухайн үед түүний толгойг хятад түшмэдүүд нь хятад зайгаар цэнэглэж байсан холбоотой биз. Аригбөх илчээ Хубилайд илгээсэн нь түүнийг хаан болох асуудлаа түргэвчилэхэд хүргэсэн бололтой. Адилхан хүн болж төрчихөөд хоёулаа л хаан болохыг хүсэлгүй яахав. Гэхдээ Хубилайгийн хувьд ёсыг бодож жаахан жудагтай загнасансан бол дээрсэн дээ. Хубилай Хүлэгү хоёрыг бага байхад нь Чингис хаан өөрөө эрхий хурууг нь өөхөөр тослон мялааж байсан тухай баримт байдаг. Угийн нэг эхээс төрсөн, нэг өөхөөр мялаалгуулсан хоёр бие биендээ мод, ус хоёр шиг ээлтэй. Мод байвал гол урсана, устай байвал мод ургана. Мөн адил гал, ус хоёр шиг бие биетэйгээ харш Аригбөх, Хубилай нар ус, галны аль альнийх нь химийн найрлагад ордог H болон O2 гэсэн элемент шиг нэг эхтэй ах дүү хоёр. Мэдээж галыг ус нь дийлж таарч Аригбөхийн цэрэг, ноёдыг юутай хээтэй нь Хубилай нь батирна. Зайлуул, уг нь галын дөл өөдөө л гэдэг дээ. Ёс бусаар хаан авсандаа ч тэр үү гэмээ цайруулж Хубилай нь Аригбөхөө алалгүй үлдээсэн байх. Өнөөхийнхөө ч “Ахын эсрэг дахиж цэрэглэхгүй” гэсэн тангарагт итгэх. Мэдээж манай гол баатар Хархорумд бослого дэгдээн нахьсан цэрэглэхийг оролдоно. Гэхдээ хүчний харьцаа тэнцвэргүй байсан тул бууж өгсөн л дөө. “300” киноны Леонидасын дүрийг бүтээхээс зайлсхийсэн ч зөв биз. Угаасаа илүүдээ гарсан амь байгаа биш. “Чамаас нэг удаа урвасан бол урвагчийн буруу. Харин хоёр удаа урвасан бол цэвэр чиний буруу” гэсэн үгийг Хубилай мэддэг ажээ. Иймдээ ч дахиж бослого гарахгүй болтол Хархорумыг сахиулав. Төрөө төвшитгөж авсны дараагаар монгол зангаар цааш даврав. Японд санаархсанаа тус улсын эзэн хаанд дамжуулахад нь элчийг нь алав. Элчийг нь албал хариуг нь хатуугаар авдаг нүүдэлчдийн ёсоор 40000 мянган цэрэгтэй усан флотоо илгээлээ. Түүний цохилт амжилтгүй болж бөмбөг хаалганы дээгүүр өнгөрлөө. Гоол ороход жаахан дутлаа даа. Япончуудыг бурхан ивээж тайфун дэгдэснээр 13000 цэргээ нэг дор алдлаа. Удаах цохилт 140000 цэрэгтэй \үүний 100000 нь Сүн улсынх\, 4400 хөлөг онгоцтой хүний түүхэнд байгаагүй хамгийн олон усан онгоцтой флотоор Японы Кюшю, Такашима арал руу дайрав. Түүний тэнэг цохилт байлаа ! Арай л яараад байна уу даа. Хөлөг онгоцнуудыг нь маш хурдан хугацаанд цагт шахамдаж хийсэн болохоор далайн онгоц биш голын урсгалд зориулсан онгоц болсон байжээ. Аанай л япончуудыг хөлбөмбөгийн бурхан тэнгэр ивээж уламжлалт тайфун дэгдэснээр 1281 оны 7-р 30-нд Монгол, Солонгос, Сүн улсын нийлсэн 100000 “золиос” нэрэндээ тохирсон үүргээ гүйцэтгэв. Түүний энэ амжилтгүй довтолгоон өөрт нь аюултай байдал үүсгэсэн юм. За ингээд Япон аврагдлаа. Бас л бурхны ивээлээр аврагдсан гэлтэй. Ингэхээр Бурхан байдаг нь лавтай !
Яагаад дэлхий дээрх амьд бодгалиудын дундаас хүн гэдэг энэ биет хамгийн ухаантай төгөлдөржсөн биет юм бэ ? гэдэгт Энгелсийнхээр “хөдөлмөр” гэж хариулж болох хэдий ч өөр нэг зүйл гэвэл “Бурхан эхлээд эр хүнийг бүтээгээд, дараа эмэгтэй хүнийг бүтээчихсэн чинь сүүлдээ тэр хоёрын юу хийхийг сэм ажигласаар байгаад өөр араатан амьтан бүтээхээ мартачихсан”-тай холбоотой хэмээн хариулж ч болох юм. Би үүгээрээ ерөөсөө л хүн бол бурхны бүтээсэн хамгийн төгс төгөлдөр бүтээл бөгөөд амьтан үрээ хайрладгийн адилаар хүмүүн ч гэсэн бурхны хүүхэд тул тэрээр биднийг хайрлахдаа байж болох бүх л зүйлээс хамгийн дээд зэргээр бүтээжээ гэж л хэлэх гэсэн юм.
Хөвсийх мөнгөн цаснаас ширхгийг авлаа, хайллаа
Алгуурхан гарын салаагаар бороо болон тэр нь урслаа
Бурхан байдаг нь лавтай !
Энэ Guys хамтлаг ч үнэхээр үнэн үгтэй дуу дуулах юм даа. Үнэхээр л бурхан байдаг. Харин “мөнгөн цаснаас ширхгийг авахын” тухайд гэвэл мөнгөн усыг агаарын нам даралтад - 44ºС-ээс дээш хэмд царцаагаад мөнгөний найрлагатай цас гаргаж аваад гарын салаагаар урсгана гэж байхгүй нь тодорхой. Эс тэгвээс нэгэн нинжа шиг уушигтай хүн шинээр төрөх аюултай.
Хэд хоногийн өмнө бурхан байдаг эсэхэд физикч хариулт өгнө гэсэн үг сонслоо. Физик бол харьцангуй залуу шинжлэх ухаан бөгөөд дөнгөж XIX зуунаас ид хөгжлийнхөө замд орсон зуу гаруйхан жилийн настай эд. Цааш цаашдаа хөгжихийн хэрээр шинэ шинэ нээлтүүд улам бүр нэмэгдэж төдий хэмжээгээр мэдэхгүй зүйлс ч олон болно. Хэчнээн физикч ч гэсэн бурханд итгэхгүй байна гэж байхгүй биш үү. Энд ямар ч Христийн ертөнцийн эзний сургааль, лалын коран судар, Бурхан Буддагийн үйлийн үрийн номлолыг номлох гээгүй байна. Гагц бурхан гэж байдаг юм гэдгийг, түүнийг би Христос ч, Будда ч, Аллах ч гэж нэрлээгүй юм гэдгийг бичихийг хүссэн юм. Учир юу хэмээвээс эд бүгдээрээ тэнгэрийн хүүхдүүд. Гэхдээ бурхан тэнгэр ганцхан байдаг байх. Харин хүрэх зам нь өөр өөр байдаг бололтой.

Бурхан байдаг нь лавтай !


Уг блогийн тухай

"Бидний амьдрал илүү сайхан болох болтугай" гэсэн ерөөлөөр уг блогийн анхны бичлэгээ эхлүүлье.Уг блогийг өөрийнхөө бодол санааг бусдад хүргэж үүнээс өөр бусад хүмүүс зөв зүйлийг олж хараасай, мэдээсэй, үүнийгээ өөрийнхөө хийгээд бусдын сайн сайхны тусын тулд зориулаасай гэсэн зорилготойгоор бүтээсэн болно. Нэг ийм үг байдаг. "Түнэр харанхуйг зүхэж суухаар ганц ч гэсэн лаа асаа" гэж. Уул үгийг бүгд шахуу мэдэх биз ээ. Миний бие ч гэсэн дээрх үгийн утга санаан дор нэгийг өгүүлэх болно. Та ч бас алдааг оноог дэнслэн хариу өгүүлнэ гэдэгт би бээр найдаж байна. Түүнчлэн мэдээж энэхүү блог нь миний бие блоггердож байгаа гэсэн утгаараа миний үзэл бодол, эргэцүүллүүдээр бүтээгдэх нь ойлгомжтой. Тэгэхээр миний дотоод ертөнцийн зах зухаас сонирхсон уншигч танд талархлаа илэрхийлье. Гэхдээ миний бичсэн аливаа бичлэг, нийтлэлүүдийг аль болох зөв өнцгөөс нь харж, зөвөөр тунгааж, аливаа таалагдаагүй үг, өгүүлбэр байх аваас гэгээн оюундаа өршөөн соёрхохыг уншигч авхай танаас хичээнгүйлэн хүсье.